-С.Зориг, О.Дашбалбар, О.Энхсайхан, М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, "Зуучлах товчоо"-ын дарга Д.Сүхбаатар, Монгол улсын гавьяат нисгэгч Т.Сугар нарын үхэлд МАХН-ыг сэжиглэлээ-
МАХН-ын дарга М.Энхболд болон тус намын Ёс зүйн хороонд гэж хаягласан мэдэгдлийг дэлгэлээ. Тэнд итгэмгүй юмыг итгэлтэйгээр хөндөн тавьж, түүгээр ч зогсохгүй хүлээн авагчаасаа хариу тайлбар шаарджээ. Түүхэнд хамгийн удаан төр барьсан цорын ганцулс төрийн нам Монголын нийгмийг цус, нулимсанд хутгасаар байх эсэхээ есдүгээр сард болох Бага хурал, аравдугаар сард болох Их хурлаараа авч хэлэлцэнэ үү гэж бас тулгасан байх юм. МАХН-ын ялын тогтоол гэж андуурмаар энэхүү мэдэгдлийг Ардчиллын төлөөх залуу удирдагчдын зөвлөл гэгчээс гаргажээ. Ингээд мэдэгдлийг ямар нэгэн тайлбар, зүүлтгүйгээр хүргэе.
"МАХН Төр барих хугацаандаа Монгол Улсыг коммунист, тоталитор дэглэмийн дарангуйлалд оруулж, төрийн тогтолцоо, бодлого, эдийн засаг, монголчуудын өв уламжлал, үндэсний хэл соёлд их хохирол учруулж, Монголын түүхэнд мартаж боломгүй хар толбо үлдээсэн. Үүний тод жишээ нь 1922 оны үеэс Саж ламын хэргээр эхэлж, 1990 он хүртэл үргэлжилсэн цуст их хядлага юм. Төр баригч МАХН нь төр, нийгмийг шинэчлэх санал, санаачлага бүрээс татгалзаж, тэдгээр саналыг гаргасан Монголын шилдэг сэхээтнүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний хөрөнгөтнүүд, үндэстний үзэлтнүүд, эрдэмтэд, соёл гэгээрлийн ажилтнууд, энгийн иргэдийг ч ялгалгүй цуст яргалал, хядлагын золиос болгосон. МАХН-ын Төв хороо, улс төрийн товчоо, улс төрийн байгууллага болох НАХЯ-аар дамжуулан эрүү шүүлтээр тамлан зовоож, нийтдээ 36 мянга гаруй хүнийг алж, 700 сүм хийдийг галдан шатааж, Монголын ард түмнийг сэтгэл санаа, биеийн зовиур, айдас хүйдэст хөтөлж байсан.
1962 онд үүдсэн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарын хэргээс эхлээд шадар сайд агсан Ч.Пүрэвдорж, дэд бүтцийн сайд агсан С.Зориг, УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн асан М.Зэнээ, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан, УБТЗ-ын орлогч дарга Н.Сүрэнжав, Зуучлах товчооны дарга агсан Д.Сүхбаатар нарын учир битүүлэг үхэл зэргээс харахад их хядлага ил, далд хэлбэрээр өнөө хүртэл үргэлжилж байж болзошгүй сэтгэгдэл төрүүлж байна. Дээрх харгис үйлдлүүдэд анх улс төрийн шинж давамгайлж байсан бол МАХН-ын дарга асан Н.Энхбаярын үеэс эхлэн улс төр, бизнес, хувийн ашиг сонирхол давамгайлсан аллагын шинжтэй болж өргөжсөн байна. МАХН, түүний урьдын болон эдүгээгийн удирдлага нь дээрх түүх, хэрэг явдлуудтай зайлшгүй түүхэн холбогдолтой учир бид дараах шаардлагуудыг тавьжээ.
МАХН нь өөрийн гишүүн У.Хүрэлсүхийг Ёрөнхийлөгч Н.Энхбаярыг дайрч доромжилсон хэргээр Ёс зүйн хороогоороо хэлэлцэж байсан билээ. Тэгвэл МАХН-ын Ёс зүйн хороо өөртөө ямар нэгэн харьяалалгүй (Монгол Улсын Ерөнхийлөгч нь аль нэг нам, хүчнээс хараат бус байдаг) хувь хүний харилцааны асуудлыг авч хэлэлцдэг шигээ үйл олон ард түмнийг хэлмэгдүүлэн, цус урсгаж их хядлага үйлдсэн хэргээ Ёс зүйн хороогоороо хэлэлцэж, шийдвэртэй хариу гарган өнгөрсөн бүхий л цаг үед үйлдсэн нүгэл бүрийнхээ төлөө Монголын ард түмэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт гуйх ёстой. Их Чингис хааны 800 жилийн ойгоор Монголын ард түмэнд их хаанаараа бахархах сэтгэлийг өвлөн үлдээхээр санаачлан ажилласных нь төлөө үндэсний үзэлтнийг хяхан хавчигч МАХН-ынхан Д.Төмөр-Очирыг хэрхэн хилсдүүлж зайлуулснаа ард түмэнд үнэн шударгаар мэдэгдэж, үндэсний үзлийг хорин, монголчуудыг засаг захиргааны нэгжээр нь тараан бутаргаж байсан бодлогоо дэлгэх цаг болсон тул шаардаж байна. Монголд Ардчилсан нийгэм үүсэн бий болсон өнөө цагт ч их хядлага үргэлжилж байгаа гэж үзэж болох юм. Монголын ард түмний хайртай хүү С.Зориг, О.Дашбалбар, О.Энхсайхан, М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, Монгол Улсын гавьяат нисгэгч Т.Сугар нарын амь насыг та бүхний болчимгүй үйлдэл, эрх мэдэл албан тушаалын сонирхол, шуналын тань золиос болж алтан амиа алдсан гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бид МАХН-аас өнөөх л улиг болсон элэгний хорт хавдар, гэнэтийн ослоор алтан амиа алдсан гэсэн шалтгааныг бус, хэргийг үнэн шударгаар илрүүлж, захиалгат аллага байж болох хэргүүдийн цаад эздийг Монголын нийт ард түмэнд сонордуулахыг шаардаж байна. С.Зориг агсаны амь эрсэдсэн хэргийг илрүүлнэ хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, улс төрийн шоу хийснийхээ хариуд хэргийг илрүүлэхэд манлайлан оролцож, "анхаарч ажиллана" гэх мэтийн аргацаасан үг бус, бодитой хариулт, эзэн холбогдогчийг нэрлэж, тэдгээрт хатуу ял оноохыг шаардаж байна" гэжээ.