Ингэж хэлэхийн өмнө 2000-2004 онд улс төрийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн санах хэрэгтэй юм байна. Тэр үед Н.Энхбаяр МАХН-ын дарга, Ерөнхий сайд байлаа. Түүнд бас л их эрх мэдэл төвлөрч байсан юм. Төрийн эрх мэдэл, хашиж байгаа албан тушаалын эрэмбэ дараалал ярих юм бол Ерөнхий сайд гуравдугаарт жагсана. Түүний дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэмээх төрийн өндөр албан тушаалтнууд орно. Гэвч тэдэнд хамааралгүйгээр Ерөнхий сайдын эрх хэмжээний дээс алхсан байж мэдэх, улс төрийн хүрээний баривчилгаа хэлбэрийн олон үйл явдал болж өнгөрчээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт эхлээд түүнтэй цуг мөр зэрэгцэн ардчиллын төлөө тэмцэж явсан Э.Бат-Үүлийг баривчлав. Энэ үйлдэл бүтэлгүйтсэний дараа Францад мөрөөрөө цагаачилж явсан Д.Энхбатыг барьж ирж байжээ.
Тэрбээр зохиомол хэргийн золиос болж амь насаа алдсан даа. Энэ хүрээнд бас “Центрпойнт”-ын баривчилгаа орно. Үүнээс гадна улстөрчдийг барьсан, барих гэсэн оролдлогууд гарч байсан билээ. УИХ-ын гишүүн Л.Гүндалайг баривчилж гурав хоног саатуулсан. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрч байж зогссон. Тэгвэл тухайн үед Ардчилсан намын дарга байсан М.Энхсайханыг баривчилна гэж “гөлөг” болгосон. Тэр эрхмийн энэ айдас өнөөдөр ч хэвээрээ байгаа гэж ойлгож болно. М.Энхсайхан эдүгээ Н.Энхбаярын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явна. Өөр ч яах юм билээ. Эцэст нь энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход Н.Энхбаярын өнөөдрийн их баривчилгаа 2000 оноос эхэлсэн хэмээн ойлгож болохоор… Үнээс өмнө болсон явдлыг сөхөх юм бол 1997 онд УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа “Ардчилсан холбоо эвсэл”-ийн “элсний” 13-тай нэгдэж төрийн гурван түшээг шорон руу илгээж байсан. Тэр дунд тухайн үеийн Хууль зүйн сайд С.Батчулуун агсан байсныг иргэд мартаагүй байх аа.
Гэхдээ Ерөнхий сайдын эрх мэдэл Ерөнхийлөгчид тулж очоод хязгаарлагддаг болохоор хүрээгээ төдийлөн их тэлж чадсангүй. УИХ-ын 2004 оны ээлжит сонгуультай золгосон. Харин 2004 оны сонгуулиар ард түмэн түүнд үхлийн цохилт өгч, түүний удирдаж асан МАХН-ын УИХ дахь 72 суудлынх нь талыг авч хаясан. Сонгуулийн дүнг сонсоод хэсэг хугацаанд шоконд орсон. Гэвч тэрбээр Ерөнхий сайд байхад нь хязгаарлалт тавиад байсан Ерөнхийлөгчийн сэнтийд 2005 онд заларч түр амсхийн одоо бүр оодорч эхэллээ. Их оодролт. их хэлмэгдүүлэлтийн эхлэлийг өнөөдөр тавьж байх шиг ээ. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэж монголчууд ярьдаг. Түүн лүгээ Ерөнхий сайд байхдаа хийж амжаагүйгээ эдүгээ Ерөнхийлөгч болоод амжуулах гэж байгаа нь энэ биз ээ. Гэхдээ монголчуудын заяа буян их дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүх шүүгчийг, Улсын ерөнхий прокурорын хамт томилдог онцлогтой. Түүнээс гадна дөчин мянгатын нэг орцонд тоглож өссөн багын найз Д.Ганболд (шанага) нь Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын даргаар ажиллаж байгаа. Дээр нь Монгол Улсын төрийн ямар ч албан тушаалтны эрх, үүрэгт хамаардаггүй нэг эрх Ерөнхийлөгчид бий. Тэр бол гэм хийж төрөөс зэм хүртэж шоронд ял эдэлж байгаа хоригдлыг суллахын зэрэгцээ бас цаазтаны цаазыг цайруулна. Ийм их эрх мэдлийг манай улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас өөр аль нэг улсын эзэн хаан ч эдэлдэггүй байх шүү. Хэнтэй ч хуваалцдаггүй энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд хүний амийг зэрлэгээр хөнөөсөн Ц.Түмэнгэрэлийн цаазыг цайруулж болно. Түүгээр ч зогсохгүй саяхан охиныхоо хамт явж байгаад 24 настай залууг дөрвөн удаа буудан хороосон Хон хэрээд Б.Энхбатыг ч суллаж мэднэ. Тэдний хэлхээ холбоог энд дурдах нь илүүц.
Хүнийг шоронд хийх үйлдэл хэрэг бүртгэлтээс эхэлдэг. Дараа нь прокурор яллах дүгнэлт үйлдэнэ. Шүүх тогтоол уншина. Энэ процедурыг эдүгээ улс төрийн өндөр албан тушаалтны халхавч төдий болсон гэж үзэгсэд хар мянгаараа тоологдоно. Тэгвэл хүнийг шоронд хийх эрх мэдэл шүүгч нарыг томилдог Ерөнхийлөгчид хадгалагдана биш үү. Гэтэл энэ эрх мэдлээ тэрбээр өөртөө муу бүхнийг айлган сүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бус уу. Гэхдээ цаанаа хамгаалах хүрээ хязгаар багатай нэгнийг сонгов. Ингэснээр жинхэнэ өөрийг нь айлгадаг хүмүүс айна гэж тооцов бололтой. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ажил, алба тарах тэрхэн агшинд дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэн Н.Дэмбэрэл. Тэрбээр сэтгүүлч биш. Иймд түүнийг хамгаалах холбоо, хөдөлгөөн ард нь байхгүй. Сонин хэвлэлийн байгууллагад ажиллаж байгаагүй, өмгөөлөх хамт олон байхгүй гэсэн үг. Харин тэрбээр сонин хэвлэл, телевизэд мэдээлэл өгч бичүүлж байсан байна. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ч.Улаан гүтгэлэг гэж үзэн хуулийн байгууллагад ханджээ. Ч.Улаан бол МАХН дахь “элсний” 13-т багтдаг. “Элсний” 13-ыг Н.Энхбаяр удирддаг нь тодорхой. Шүүх хуралд Ч.Улааны өмгөөлөгч н.Очирхуяг, Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг байлцуулан шийджээ. Энэ шүүх хурал гэгч нь ямар нэг гэрчгүй болсон байна. Тэгэхээр энэ бол анхнаасаа Н.Дэмбэрэлийг яллахад чиглэгджээ гэж ойлгож болох нь. Нөгөө талаас нь харвал Ерөнхий сайд М.Энхболдын гар хөлийг тайрах гэсэн санаа агуулагдаж байна.
Ер нь эрх ашиг нь зөрчигдсөн ахмадуудын эрх ашгийг хамгаалан тэмцсэн Г.Баасан, Шударга шүүхтэй болох гэсэн Х.Бат-Ялалт, Н.Энхбаярын өргөөндөө морилох зам дээр жагсаал зохион байгуулсан Т.Рэнцэнтавхай, Их тэнгэрийн аманд цонхон дээр нь тэргүүн хатагтай О.Цолмонгийн тухай юм ярьсан Тагнуулын газрын дарга асан Б.Билэгт нарыг баривчилсан. Энэ мэт сүүлийн саруудад болсон баривчилгаанд хэн ч хязгаар тавьж чадсангүй. Төрийн тэргүүний санаачилга, хүсэлтэд хэн ч хориг тавих билээ. Дээрх хүмүүсийг баривчилсан, Н.Дэмбэрэлийг шууд Ганц худаг руу илгээсэн зэрэг нь Н.Энхбаярын их баривчилгааны яруу тод замнал байв. Уг үйлдэлд төрийн тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярыг турхиран оруулж байгаа гэх. Цаашдаа ч олон хүнийг хийнэ. Тэдний тоонд улс төрийн хүрээнийхний дунд Ерөнхий сайд М.Энхболдтой ойрхон байдаг гэгддэг УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар багтаж байгаа биз. Ерөнхийлөгчийн мэдэлд цагдаа, цэрэг бүгд бий. Иймд шоронд хүн хийхээс юунаас нь айх вэ дээ. Өнөөдөр ч яах вэ болж байна. Маргааш өөрийн нь ээлж ирэх нэг аюул бий.