"Хадгаламж" банкнаас сох дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт тус банкны ахлах ня-бо Ц.Чимэдцэрэн холбогдон Танц худаг"-ийн урьдчилан хорих төвд хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ хугацаанд УМБГ-ын мөрдөн байцаагчид дуулиан тарьсан энэ хэргийг хагас жил орчим шалгахдаа 14 тэрбум төгрөгийг Ц.Чимэдцэрэн ганцаараа үрж дуусгаагүйг тогтоогоод байгаа гэнэ. Шалгалтын явцад энэ дуулиант хэрэгт анхнаас нь нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар ч холбоотой болох нь тодорхой болж эхлээд байна. Тэд Солонгост казино хамт тоглодог байснаа хүлээсэн байна.
Манай цагдаагийнхан энэ хэргийг шалгах явцдаа Солонгосын хууль хяналтынхантай хамтран ажиллах санал тавьж Казиногийн бичлэгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар манай сонин мэдээлж байсан. Учир нь казинод тоглосон л бол тухайн казиногийн бүх үйл явдлууд нууц камерт бичигддэг бичгдээгүй журамтай. Тэд шаардлагатай үед бичлэгийг интерполийнхон болон хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгдгийн дагуу манай цагдаагийнхан энэхүү бичлэгийг авсан ч бичлэг нь шаардлага хангахгүи байжээ.
Ингээд манай талаас дахин хүсэлт гаргаж, чанарын шаардлага хангах бичлэг явуулахыг хүсээд байгаа аж.
Ямартай ч шаардлага хангахгүй тэрхүү бичлэгт дээр дурьдсан эрхэмүүд бүгд байсан нь энэхүү хэргийн. учиг тайлагдаж эхэлжээ. Гэвч энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжихийн даваан дээр байцаагч нь хөлийнхөө шөрмөсийг таслаж, эмнэлэгт эмчлүүлэх болсноос энэ хэргийг дахин өөр нэг байцаагчид шилжүүлэн эхнээс нь дахин хянаж эхэлсэн байна .Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар энэ хэрэгт холбогдон “Ганц худаг”-т хоригдож байгаа Ц.Чимэдцэрэн болон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарт ЭХТА-ийн 156 дугаар зүйлийн гуравт заасны дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ зүйл анги нь банкны ажилтан банкны хууль тогтоомжийг зөрчин шунахайн буюу хувийн ашиг сонирхлоор банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд оноодог хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтдаг бөгөөд 5-8 жилийн ялтай аж.
Хамгийн сүүлийн байдлаар "Хадгаламж" банкны ахлах ня-бо Ц.Чимэдцэрэнгээс бүтүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 14 тэрбумд хүрч байгаа бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр хохирлоо бүрэн барагдуулвал анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг нь харгалзан үзэж, өршөөгдөх магадлалтай байгаа юм байна.